2014-01-17,14:20

7-р ангийнханд Л.Түдэв "Хорвоотой танилцсан түүх" зохиолоос


Чулуутай танилцсан минь

-       Ээж ээ, надад тоглоом өгөөч! гэж би нэг өдөр гуйлаа. Ээж:

-       Гол дээр оч! Тэнд чиний тоглоом бэлэн бий гэв. Би гол руу явлаа. Зуны дунд сарын үед бараг усгүй болон хатдаг мөртөө хаврын дунд сард хавь ойрыг усаар ундалж, эргээ халин шуугин шаагьдаг зантай, уулын догшин голын хөвөөнд манайх өөдөө уруугаа нүүдэллэн нутагладаг байлаа. Намайг гол дээр очиход айлын хүүхдүүд ямар нэг юм эрэх мэт чулуун дунд доош бөхийн явцгааж байлаа.

-       Та нар юу хийж байгаа юм бэ? гэж би сониучлан асуув.

-       Тоглоом гэж тэд амандаа хариуллаа.

-       Ямар тоглоом? гэж асуувал:

-       Ийм тоглоом гэж нэг жаал жижиг дөрвөлжөн чулуу үзүүлэв. Тэр чулуу ногоон алаг атлаа наранд гялтганан гялалзах дөрвөлжин толботой байв. Тэр мэт сонин хачин чулуу байдаг гэдэгт би үнэмшиж ядан барьж үзлээ.

-       Энэ бол авдар шүү. Одоо манайх гоё авдартай айл болно. Тэр чулууг олсон хүү тэгж гайхуулав. Голын чулуун дотор бүдчиж яваад хөлөө шалбалж уйлав. Хүүхдүүд намайг тойрон ирж,

-       Битгий уйл. Чулуун дотор эвтэйхэн гишгэж сур. Чулуу их ууртай шүү гэж нэг охин сануулав. Би өвдсөндөө уйлаагүй. Надад тоглоом олдохгүй байна гэж би өчлөө. Тэгтэл миний сайн танил цоохор хамартай жаал:

-       Наад хөлийн чинь хажууд нэг морь байж байна. Сайхан цагаан морь! гэв. Ажиглавал яг морьтой адилхан хэлбэртэй цагаан чулуу олов.

-       Нээрэн яасан хөөрхөн морь вэ? гэж хүүхдүүд шохоорхлоо.

-       Чи энэ морио манай тэмээгээр сольчих гэж өөр нэг хүүхэд хоёр бөх шиг сэрвэгэр юмтай хөх чулуу үзүүлэв.

-       Чиний тэмээ ноос нь зумарчихсан юм байна гэж өөр нэг жаал хэллээ.

-       Яагаад гэж нөгөөх нь гайхлаа.

-       Яах вэ дээ. Хөх өнгөтэй байна. Тэмээний ноос зумарчихаараа ийм чилдэн хөх арьс гардаг шүү дээ гэж тэд маргав. Энэ бүхэн надад үнэмшигдлээ. Би голын чулуун дотроос анх удаа бяцхан хар толботой цагаан морь олов. Үүндээ урамшин үдийн хонь хотолтол гол дотор тэнэв. Хормой дүүрэн чулуун эдлэлтэй буцаад ирж явахад хүмүүс дайралдаад толгой сэгсэрч:

-       Дээлийн хормой яаж тэснэ.

-       Мөн их олзтой эр ээ! гэх мэт ярьцгаав. Ээж намайг хараад инээмсэглэж!

-       За тэр шүү. Гол дээр тоглоом их байгаа биз? гэв.

-       Зөндөө байна. Гол дээр тоглоом их байгаа биз? гэв.

-       Зөндөө байна. Ээж ээ би хонь саасны дараа гол руу явъя гэж гуйлаа. Аяа би хорвоо чамтай чулуугаар анх танилцаж дээ. Чулууны өнгө нь тоолж баршгүй олон. Улаан, ногоон, шар, бор, хөх, хүрэн, цагаан чулуунууд дангаар буюу холилдон оршино. Чулуу бас зөөлөн хатуу, халуун, хүйтэн, иртэй, иргүй, мөлчгөр бас бүлээхэн эелдэг байна. Өндөр уулын орой дахь чулуу мөн салхины урсгалд элэгдэн зөөлөрсөн боловч хүйтэн байна. Харин асгын чулуу юунд ч элэгдээгүй учир хатуу хурц бас хүйтэн байдаг.

-       Батаа бид 2 өдөр ирэх тутам шинэ шинэ олзтой явдаг боллоо. Нэг өдөр дотроос нь хөвөн шиг юм цувдаг тийм сонин чулуу олов. Гэтэл манайд хот газраас нэг сонин зочин ирлээ. Тэр зочин том хүн мөртлөө бас чулуунд дуртай хэвээрээ байжээ.

-       За миний дүү нар та нарын тоглоомыг үзье! гэж тэр гуйлаа. Бид түүнийг дагуулан чулуун дээр авч ирлээ.

-       Пээ яасан баян хүүхдүүд вэ? гэж тэр хүн уулга алдан баярлав. Батаагийн гэр дотроос нэгэн чулууг тэр хүн авч сониучлан үзэхэд,

-       Ах аа та манай авдраар яах нь вэ? гэж Батаа дургүйцлээ.

-       Өө энэ танай авдар юм уу? Чи зөв нэрлэж дээ. Энэ чинь эрдэнийн авдар байна гэж тэр хүн амандаа ярих зуур өврөөсөө жижиг алх гарган гялсхийлгэн тогштол Батаагийн авдар тал дундуураа хагарлаа. Батаа:

-       Ах аа авдрыг минь яагаад хагалчихав? гэж гингэнэж уйлав. Өнөө хүн Батаагийн толгойг илж:

-       Битгий уйл би чамд өөр авдар өгнө гэж өврөөсөө жижиг модон шоо гарган өгөв. Үүнд Батаа тайвширлаа. Тэгтэл тэр хачин хүн манай гэрт ирж нүдээ бүлтийлгэн харснаа, гадаа хураалттай байсан хэдэн чулууны нэгийг авлаа.

-       Ах аа та шуудайтай ноосоор яах нь вэ? гэж би гайхлаа.

-       Өө хө энэ танай шуудайтай ноос юм уу? Бас зөв нэрлэж дээ. Тэгээд энэ ноосоо хоршоонд өгөхгүй яасан юм бэ? гэж асуув.

-       Агент ирээгүй байна.

-       Тэгвэл би агент больё. Үүнийг чинь хоршоонд авъя. Оронд нь ёотон өг!

-       Ээ харлаа ахад нь ёотон байхгүй гэснээ, тэр хүн өврөө уудалж нэг хачин дугуй шилтэй юм гаргаж ирээд шуудай ноос руу минь удтал гөлрөн ширтээд дотроос нь гарч буй ноолорсон юмыг имэрч үзэв.

-       Сайн ноос байна даа гэж амандаа ярив. Тэгээд над руу хандаж:

-       За чи ноосоо надад тушаа. Оронд нь үүнийг ав. Энэ бол шидэт дуран юм. Үүгээр чулуу шинждэг билээ. Чи сайн шмнжээч ыолоорой. Чулуунаас алт гаргаж авдаг юм. За чи үүгээр хар гээд дуран шиг юм аа надад өгөв. Түүгээр нь чулууг ажиглан үзвээс маш томорч харагдах байжээ. Нээрээ шидэт дуран бололтой. Чи энэ хар хорхойг наадахаараа хар гэж өнөө хүн хэлэв. Хорхой бараг л эрхий хуруу шиг том болж үзэгдэнэ. Би баярлай шуудайтай ноосоо тэр хүнд өгсөн. Тэр том хүн мөртлөө чулуугаар тоглох дуртай хачин ах байж билээ. Бидний тоглоом дотрооё нэг сайн даалин чулуутай болоод буцсан буцахдаа:

-       За миний дүү нар чулууг хайрлаж байгаарай. Чулуу бол эх орны чинь элэг зүрх юм гэж захив. Тэр хүний тухай ээжээс асуухад ээж хариулсан нь:

-       Аяа тэр чинь геологич хүн гэнэ. Чулуунаас эрдэнэ олдог хүн гэнэ. Бид үүнээс хойш дандаа геологич болж тоглодогсон. Хожим дуулбал тэр хүн бидний тогдоом дотроос зэс төмөр хар алтны хүдэр олсон гэцгээж байв. Аяа би хорвоотой чулуугаар анх танилцаж дээ. Чулууг би гартаа атгамагц таньдаг зун намрын зургаан сард хөл нүцгэн явдгаас чулууны авирыг хөлийн тавхай минь гараасаа илүү мэддэг байж дээ.

Чулуу бид 2-ын нөхөрлөл улам гүнзгийрлээ. Нэгэн өдөр доод саахалтын зальт шар гэдэг том хүүхэд бидэн дээр ирж дундаа бариул мэт илэг оёсон урт сур үзүүлж

-       Үүнийг та нар мэдэх үү? Дүүгүүр гэдэг юм. За харж бай гээд манай гэр дотроос Дэжидийн дээл болох гонзгой хүрэн чулууг авч нөгөө дүүгүүрийнхээ элгэн хавчаар дээр тохоод толгой дээгүүрээ хэд эргүүлмэгц сурны нэг үзүүрийг тавьсанд жунгинасан сонин дуу гарч Дэжидийн дээл сэнс мэт эргэлдэн нисч одов. Тэртээ урд энгэрт яс хэмлээд хэвтэж байсан нохойны зүг тэр сум нисэн одов. Төдхөн нөгөө нохойны хэмлэж байсан ясан дээр тасхийн буулаа. Нохой ганхийн гасалж сүүлээ хавчин ухаан зулаггүй зугтаж одов. Зальт шар инээж:

-       Хо хо хо шар ах нь шарсан мах андахгүй гэж гайхуулснаа

-       Та нар балчир байна. Чулуугаар чинь ингэж тоглодоггүй юм. Чулуу чинь тоглоом биш зэвсэг. Чулуугаар дүүгүүрдэж туулай харайлгаж тоглодог юм. Бид тэгээд чулуугаар зэвсэг хийх болов. Бид чулуугаар хонь, үхэр рүү шидэх болов. Зурам, хулгана руу илгээх боллоо.

Чулууг өндөр уулын оргилоос доош өнхрүүлдэг боллоо. Чулуугаар малын хашаа, хороо барьдгийг мэдэв. Хожим сургуульд ороод чулуун зэвсгийн үе гэж багшаас сонсов. Тэгээд чулуугаар зөвхөн би ч биш хүн төрөлхтөн өөрөө хорвоотой танилцсаныг ухааран мэдэж билээ. Бүр хожим чулуугаар хөшөө дурсгал босгодгийг мэдлээ. Нутгийн маань өндөр давааны аманд эцэг дээдсийн өв дурсгал хүн чулуун хөшөөнөөс эхлээд Пушкины хөшөө хүртэл чулуугаар бүтсэнийг үзээд би чулуунд бүр ч бишрэн дурлаж билээ.
Аяа чулуу чи ертөнцийн хөрсөнд ургасан хатуу цэцэг юм билээ.

Дуутай танилцсан минь

  Аав нэгэн өдөр авдрынхаа арын хонгилоос нарийхан шар алаг хөндий мод гаргаж ирлээ. Хөндий хулсан савааны бөөрөн дээр нь хэдэн нүх гаргасан байлаа. Аав түүнийгээ хөндлөн барьж, бөөр лүү нь нэг үлээж үзснээ, хурууныхаа өндөгнүүдийг шилэмдэж чийгэллээ. Дараа нь хулсан савааг хөндлөн барьж, нүх бүр дээр хуруу бүрийн өндгөөр дарж, уруулаа урагш үлээж эхэллээ.

  Эхлээд салхин уяхнаа исгэрэх мэт дуу гарч, төдөлгүй огцом өөрчлөгдөн усны урсгал адил болж, миний урьд өмнө хэзээ ч сонсож байгаагүй тийм сайхан дуу гарлаа. Аавын гарын хуруунууд хулсан савааны бөөрөн дээр ээлж дарааллан цовхин бүжих мэт дэгдэн товшиж, дууны аялгуу нь тэрийг дагалдан хувирч байлаа.

  Хөндий тэр хулс аав хоёр тоглон наадаж, бие биеийг хөөцөлдөн, барин тавин байх мэт санагдана. Аавын хуруу хулсан саваанаа буухад тэр нь баригдсандаа баясан инээх ба эсвэл гомдон гаслах, улмаар чарлан зүггүйтэх мэт ажээ. Тэрхүү хулсан савааны гаргаж байгаа дуу нь зуны сарын ногоон ой хөвч шуугин исгэрэх шиг, цавчин элгэн хаднаас булгийн тунгалаг ус хоржигнон буух шиг тэгснээ хөвчийн өндөр модонд хөхөө шувуу хавшин донгопох мэт, хан уулсын цэнхэр оргил дээгүүр усны шувуу гангар гунгар нисэн ирэх мэт санагдана. Өвөөлж бөвтнөж, хойлог ёолж, шар шувуу уухилж, шаазгай шагширч, хэрээ гуагалан, элээ унагалдахыг ч, би тэрхүү хөндлөн модноос сонслоо.

  Намрын хонгор салхинд өвсөн толгой шуугин давалгаалах, хонь мал төллөн хурга ишиг эхтэйгээ нийлэхэд, хадны цуурай тэднийг дуурайн майлах мэт дуу авиа ч бас л тэрхүү хөндлөн модноос сонслоо.

  Намрын хонгор салхинд өвсөн толгой шуугин давалгаалах, хонь мал төллөн хурга ишиг эхтэйгээ нийлэхэд, хадны цуурай тэднийг дуурайн майлах мэт дуу авиа ч бас л тэр хөндлөн модноос соногдлоо. Миний өчүүхэн бор зүрх уяран хайлж, бадран догдолж, баясан цовхчиж, туранхай цээжний минь чанад багтаж ядан, донсолж байлаа. Тэрхэн мөчид би хамаг бүхнийг мартаж, гагцхүү эцгийн эвэрлэг арван хуруу хулсан саваанаа дэгдэн наадахыг л ажиглан суулаа. Аавын духнаа гарсан гүнзгий атирааг дагаад хөлс дааварлан гялтганаж, уруул нь үл мэдэн чичиргэнэн, нүдний нь харц алсын алсыг ширтсэн мэт намуухан болжээ.

  Нэг мэдсэн харанхуй нөмрөөд орхих мэт хачин жигтэй, бас ч зэврүүхэн болжээ. Аав тоглохоо зогсоосноос, тэр мэт хачин сэтгэгдэл төрлөө.

-       Аав аа, энэ чинь юу юм бэ? гэж би сая ухаан орсон адил гайхан асуулаа.

-       Лимбэ гэдэг хөгжим. Үүгээр орчлон хорвоогийн дуу чимээг үйлдвэрлэдэг юм гэж аав шоглох мэт хэллээ. Аав үйлдвэрийн ажилчин болсноос хойш тэгж үйлдвэр гэхчилэн ярьдаг болчихсон юм.

-       Аав аа юутай сайхан юм бэ? Над зааж өгөөч гэж би гуйлаа.

-       Өөрөө оролдож сур. Тэгвэл сурах эсэх нь мэдэгдэнэ. Өөрөө оролдоод чадахгүй бол, түүнд авьяасгүй гэж мэдээрэй. Энэ ярианаас хойш би лимбэ гэдэг хөндий савааг толгойгоо дүйртэл үлээж, сар шахам боллоо. Тэр лимбэнээс ямар нэгэн дуу гарахгүй биш, гарч байна аа. Гэхдээ өвлийн шөнө хотны захад чоно улих юм уу, эсвэл гадаа тавьсан данхны цоргоор салхи орох үед юу дуулддаг билээ? Тэр мэт дуу авиа гарч байлаа.

-       Яршиг, дамшваа минь толгой эргэж гүйцлээ.

-       Чихний улиг барлаа гэж, эмэг ээж, залуу ээж цөмөөрө уцаарлаж байлаа. Тэр бүхэнд би шантарсангүй. Лимбэ үлээн ёнгинуулсаар байтал, ээж нэгэн өдөр намайг дуудаж:

-       Миний хүү, би чамд өөр сайхан хөгжим зааж өгье. Энэ лимбэ чинь чих дөжрөөчих золиг байна, орхи! гэвээ.

   Ээж маань чүдэнзний хайрцагнаас арай жижигхэн дөрвөлжин хулсыг буйлан дотроосоо гаргаж ирэв. Тэр дөрвөлжин хулсны голд нүхэлж хоёр нимгэхэн хэл шиг юм зоогоод нэг үзүүрт нь урт шар утас бэхэлжээ. Ээж:

-       Аман хуур нэртэй юм гээд, нөгөөх дөрвөлжин хулсаа амны хөндийд байрлуулж, тагнай хэл хёрын хооронд тогтоогоод, утасны үзүүрээс чичрэгнүүлэн татаж нэг чангалан, нэг султгаж уруулаа хөдөлгөн наадахад, аавын лимбэнээс дутахгүй мөртлөө намуухан дуу гарч эхлэв. Тэр дууны сайхан нь миний сэтгэлд таатай чихэнд чимэгтэй байлаа. Ээжээс бяцхан холдъё гэвэл, тэр аман хуурын дуу сонсогдохоо болино.

-       Миний хүү чамд энэ ямар санагдаж байна? гэж ээж надаас асуув.

-       Сайхан байна. дуу нь жаахан бүдэг юм.

-       Аав чинь бас л сайхан дуутай юм байна гэж аман хуурт дурласан. Хуураа татаач гэж үргэлж гуйдагсан. Тэгээд, аман хуурын дууг бүдэгхэн байна гэж, хацарт минь хацраа наан чагнадагсан, гэж ээж яриад, санаа алдаж, миний толгойг иллээ.

   Тэр цагаас хойш би дуунд дуртай боллоо. Аавын лимбэдэхийг, ээжийн хуурдахыг сонсох бүрий сэтгэл уярч, хоолой дээр минь бөөн юм зангиран ирдэгсэн.

   Тэгээд би хөгжимчин болохыг хүсэв. Нагац ахынд  айлчлан очихдоо, өөр нэгэн хөгжимтэй танилцлаа. Нэгэн үзүүрт нь илэн бүрээстэй лааз бэхэлж, нөгөөд нь хөндлөн бариул зоож, хооронд нь адууны хялгас татсан тийм хачин юм нагац ахын авдар дээр байхыг, би олж үзээд, юу гээч эд болохыг мэдэх хүсэл хязгааргүй буцлаад, аргагүй суулаа.

-       Бисаанз гэдэг юм. Дуу гарна гээд, нагац ах тэр хачин багажаа авч, лаазтай талаар нь өвдөг дээр тавьж, нум шиг юмаа хөрөөдөж зүүн гарын хурууг дээш доош гүйлгэж эхлэхэд, мөн л урьд сонсогдоогүй уяхан дуу гарлаа. Бисаанзны дуу нь лимбэнийхийг бодвол нарийн бүдүүн янз бүр болохдоо чадварлаг ажээ. Миний сэтгэл бисаанзанд татагдан автагдлаа. Аав түүнийг мэдээд, над бисаанз хийж өгөхөөр амлав. Хэд хоногийн дараа бисаанзнаас салахаа байлаа. Тэгтэл буурал аав манайд айлчилж ирэв. Би түүнд бисаанзаа гайхуулан үзүүлэхэд,

-       Пийш, яасан сайхан бисаанзтай юм бэ? аль вэ аав нь даръя гэж ухасхийн бисаанзыг авч хяхтнуулан хөрөөдлөө.

-       Өвгөн та хөгий нь тааруулаач! гэж манайд ирсэн өөр нэг өвгөн хэлсэнд:

-       Харин тааруулахаар л ядаж байна даа! гээд буурал аав бисаанзны чихийг дураараа мугшиж гарав. Маргааш өглөө босож үзвээс бисаанзны иш углуургаараа хугараад, амьгүй могой шиг гульжийж хэвтлээ.

-       Чихийг нь хэтэрхий мушгиснаас, их биеэ хуга даржээ! гэж нагац ах өгүүллээ.

Бисаанзаа засуулж авах гэж аймгийн төв орлоо. Аав аймгийн төв дээр мужаан хийж байсан юм л даа. Бааст гэдэг ногоовтор нүдтэй зузаан уруултай жаал шанага цохиж, пиржигнүүлэн дуугаргаж, нөгөө гараар ишин дээрээс нь атган, хуруугаар дарж байлаа.

-       Юу вэ, жаал аа? гэв.  

-         Мандолин хөгжим гэж мэдэх үү? Чам шиг нусгай үүнийг шанага гэж андуурна л даа хэмээн тэр хүү ёжлов. Тэр даруй би түүнийг шавь боллоо. Түүнд би нэг сайн чавх өгч, дээр нь хөөрхөн шар шил нэмэр болгов. Бааст түүнийг дуртайяа авч, над багшлах болов.

Миний зүүн гарын дөрвөн хурууны өндөг төдөлгүй цэврүүтлээ. Хөгжмийн утсанд хүрэхэд, халуу шатан өвдөнө. Гэвч хөгжимд дурлах сэтгэлийг минь зуурдын өвчин дийлсэнгүй. Цэврүү нь эвэр болон хувирлаа. Эвэр өндөгтэй болсноос хойш мандолин дарах хорхой минь улам нэмэгдэж, байж сууж ядах болов. Хоёр дууг сайн мандолиндаж сураад байтал, гай тохиолдлоо. Гарын хурууны чилэхийг мэдэхгүй тоглож байтал, жингэнэх дуун сонсогдож мандолины нэгэн утас нь тасран нисэж одлоо. Бааст бид хоёр гаслан уйлав. Тийнхүү над хөгжимчин болох аз дутжээ. Хөгжимнөөс сонирхолтой нэгэн юмтай, яг тэрхүү мандолины утас тасарсан чөлөөнд, учран тохиов. Тэр бол зураг байлаа. Зураг хөгжмийг ялж биш, хөгжмөөс зурагт урваад дахин түүнтэй учирсангүй. Тэгээд би эцгийн адил лимбэ хагас дуугаргадаг төдийгөөр хөгжмийн боловсролоо дуусгажээ. Гэвч би хорвоогийн уяхан дууг хөгжмөөр дамжуулан мэдэрснээ үл мартав.

Хадны мангаатай танилцсан нь

-Хадны мангаа ирнэ, ий яадаг билээ? гэж намайг анх удаа Айдаа эгч айлгав. Түүнээс хойш би энэ үгийг олон хүнээс сонсож билээ. Том хүмүүс “Хадны мангаа ирнэ” гэж хоосон айлгахаас биш тэр мангаа нь чухам юу болохыг надад тайлбарлаж хэзээ ч хэлдэггүй байлаа. Би том хүний ярианаас эрэгцүүлэн бодож хадны мангаагийн төсөөлсөн дүр бий болгож авлаа. Миний бодлоор бол   тэр хадны мангаа хахирган муухай дуутай бүдүүн хөлтэй хар гартай улаан нүдтэй байх ёстой. Манайх хад уул ихтэй газар нутагладаг тул хадны мангаа элбэг тохиолдох бололцоотой газар байлаа. Гэвч би долоо, найман нас хүртлээ хадны мангаатай ер дайралдсангүй. Ээж аав томчуулын хэлдгээр бол миний аливаа муу юм хийх болгонд л хадны мангаа ирэх ёстой байлаа. Эхлээд би мангаанаас айдаг байв. Дараа нь хадны мангаа гэж юу байдгийг нүдээр үзэхсэн хэмээн хүсэмжлэх боллоо. Хүслээр болсонгүй, тэгэхээр нь хадны мангааг урин дуудахаар шийдэв. Дүрсгүйтэхээр хадны мангаа ирдэг юм бол хэд хэдэн том хэрэг гаргаж байгаад ирэхий нь үзье гэж шийдэв.Хэрвээ хадны мангаа ирвэл тулалдах бэлтгэлтэй байхын тулд аавын тонгоргыг авч өвөртлөв. Бас нуугдах газар хайж оллоо. Тэр өдөр манайд нэг зочин ирээд хоймор завилан сууж байлаа. Ээжийн буйлан дотроос хэдэн битүү зүү авч хүний хормойг ширдэгтэй барьж хадав. Миний хийж байгаа ажлыг хэн ч мэдсэнгүй.Зочгоор ирсэн өвөө цай ууж нүйцээд, явахаар болж малгайгаа өмсөөд ухасхийн босох гэтэл хормойдоо татагдан ар тийшээ ойччихлоо.

-                 Бурхан минь, та яаж байнаа? гэж ээж айн сандарлаа. Өвгөн ар тийшээ ойчихдоо хоймор байсан торхтой тарганд нэг гараа сугандаа хүртэл дүрчихжээ. Би тэсэж ядсангүй инээд алдан гүйж гаргамагц буурал ээжийн уруу очлоо.

Буурал ээжийн ард нуугдан суугаад хадны мангаа орж ирэхийг хүлээж байв.

-                 Чи юунаас нуугдаа вэ? Хүү минь гэж буурал ээж асуусанд хадны мангаанаас нуугдаж байна. Тэр одоохон үүд сөхөөд ирнэ гэж би сүртэйеэ хариулав6 Эцэг чинь хадны мангаа бол доо гэж эмээ ээж уулга алдлаа. Би хүлээгээд л байлаа. Хүлээгээд л байлаа. Мангаа ихдэггүй. Тэгэхээр нь шагайж харвал бас л юу ч алга. Арга барагдаад гадаа гарлаа. Хадны мангаа андуураад манайд ирчихсэн байх гэж сэжиглэв. Гэрийнхээ үүдээр сэм шагайвал юу ч алга. Ээж ганцаараа л байна. “Схяын хийсэн хэрэг ялихгүй юм байж хэрэг гаргах тухай бодол хэсэг явлаа. Тэр их бодлын ачаар нэгэн хэрэг бодож оллоо. Шөвөг хайж олоод, лам ахынд очиж хөхүүртэй айргий нь цоо хатгавал мангаа лавтай ирнэ гэж бодоод уул хэргийг ёсоор гүйцэтгэв6

-                 Ээ дацан хөхүүртэйгээ ноцолдож, айраг нь тулгын зах хүртэл цагаан зураас татуулан гоожиж байлаа. Хадны мангаа бас л ирдэггүй. Арга ядаад айргийн том хулаар дүүрэн цог хорхой түүв. Аягыг эвтэйхэн таглаад Доной өвгөнд аваачиж өгсөн чинь тэр их баярлан аваад:

-                 Гялайлаа хүү минь. Аав чинь хотоос ирээ юү? Гэв.

-                 Тэгсээн гэтэл өвгөн аяганы тагийг авлаа. Дүүрэн цог хорхой байхыг үзээд:

-                 Золиг дамшваа гэж хашгиран аягаа чулуудаж орхив. Би ухасхийн зугатаж мухар эргэнд орж нуугдаад өврөөсөө аавын тонгоргийг гарган зэхэв. Одоо ч хадны мангаа лав ирнэ гэж бодсон юмсан. Мангаа бас ирсэнгүй. Иймд би урам хугараад зурамны хавхаа авч гэрээс холдон явлаа. Манайх бас ирсэнгүй. Иймд би урам хугараад зурамны хавхаа авч гэрээс холдон явлаа. Манайх шинэ нутагт дөнгөж буугаад байсан юм. Голын урд талд өндөр ханан хад байхыг би их сонирхсон тул тийш явлаа. Магадгүй хадны мангаа ч дайралдаж болно.

Зурагтай танилцсан минь

Жаалхүү гэдэг өвгөнийх олон хүүхэдтэй айл байв. Нэгэн өдөр тэдний хамгийн том хүүхэд гэрийнхээ гадаа завилж суугаад, өвөр дээрээ дөрвөлжин мод тавьж ямар нэгэн юм хийж байхыг харлаа. Юу хийж байгаагий нь үзэхсэн гэхээс тэсэж суух аргагүй болов. Ороо хонь барих гэж байгаа юм шиг сэм сэмхэн гэтсээр, тэр хүүхдийн ар талд очоод өнгийн харвал онц сонин юм үзэв. Модон самбар дээр үнс түрхжээ. Нарийхан үзүүртэй савх модоор үнсэн дээрээ нааш цааш зурж байгаагий нь харахад гайхмаар ажээ. Даваасамбуу гэж тэр хүүг нэрлэдэг юм. Даваасамбуугийн гар нь нааш цааш уяхнаар хөдлөх бүрийд үнс түрхсэн самбар дээр дүрс гараад ирлээ. Бух урд хөлөөрөө газар цавчлан хэлээ унжуулан туужуу мэт сүүлээ хондлой дээрээ агсжээ.

Даваасамбуу намайг ар талдаа ирээд ашиглаж байхыг мэдсэнгүй. Цааш тавтайяа үргэлжлүүлэн зурсаар байв. Удаж төдөлгүй дахиад нэг сарлагийн бух зурчихлаа. Хоёр сарлагийн бух өөд өөдөөсөө харж сааглан мөргөлдөхийг завдаж буй ажээ. Би тэр сонин зургийг нүдээ бүлтэртэл гөлрөн зогсож хамаг юмыг нэгэн агшнаа мартжээ. Модон дээр модоор тэгж сайхан зурж болдгийг анх удаа тийнхүү мэдэж авлаа. Гол нууц нь модон самбар дээр түрхсэн аргалын үнс гэдгийг нь би мэдлээ. Даваасамбуу гэв гэнэт нөгөөх зургаа үнс асган балласанд би харамсаж “хүүе битгий” гэж алдав. Даваасамбуу над руу эргэж харснаа ухасхийн боёож гэрийн зүг одлоо.
Санамсаргүй нээж олсон нууцаа туршиж үзэхээр би гэрийн зүг салхи мэт дэгдэн одлоо. Гэрт орж ямар нэгэн дөрвөлжин мод хайж гарлаа. Гэрт хэн ч үгүй тул дураараа загнах эрхтэй байлаа. Гай болоход гэрт нэг ч хавтгай мод байсангүй. Цорын ганц боломжийн мод гэвэл өрөм хатаадаг тос нэвчсэн бор мод эргүүл дээр байв. Хэсэг эргэлдсэний эцэст би тэр модыг олзлон авч тулганы захаас аргалын цагаан үнс хайж олоод дээр нь нунтаглан түрхэв. Дөрвөлжтэй түлээ дотроос бяцхан мод олж хутгаар үзүүрлэв. Зурах ажилдаа оров. Сарлагийн бух зурж эхлэв. Даваасамбуу шиг уран зурах гэгч огт хялбар биш ажил байжээ. Хөлсөө урстал ноцолдоод нэг бух зурсан чинь хөрш айлын нэг бух зурах гэж улайран сууж байтал, гэв гэнэт хацар дээр халуун оргив.

-   Чи яагаад өрөм хатаадаг мод бузарлав. Ээжид чинь хэлж турсагы чинь хуулуулна даа! гэж загнах дуунаар өндийн үзвээс авга эгч зогсож байлаа. Бид нар авга эгчийг “Айдаа” гэж авгайлна. Харин хүмүүс “тарган” гэж дуудна. Нэр хоч хоёр нь яг адилхан тийм хүн манай тэр голд ганцхан Айдаа байж дээ.

-   Айдаа, энийг хараа, юу вэ? Гэж зурсан зургаа заалаа.

-    Аль вэ, яагаав Донтор л байна гэж Айдаа хөхөрч гарав. Донтор гэж хөрш айлын доголон халтар нохойны нэр л дээ.

-   Донтор биш ээ. Ааяа Балдангийн халзан бухыг зурсан юм гэж би ярьсанд  Айдаагийн инээд улам хүрч бүр сүүлдээ эвхрэн ойчоод нүдний нь нулимс цувж, цээж нь хэрчигнэн хөхөрсөөр байлаа. Айдаа инээдээ барьж чаддагүй. Тийм хачин хүн л дээ. Түүнийг хөхөрч хэвтэх хоорондуур би гарч зугтаалаа.

-   Үнс түрхсэн самбараа аргал доор нуув. Түүнээс хойш миний хийдэг юм зураг боллоо. Зун бол голын хөвөөнөө нойтон шавар, торгон элс, өвөл бол цасан дээр элдэв амьтны дүрс зурна. Нэг удаа манайд айлчлан ирсэн Ехөөмянган өвгөний арьсан дээлийн ар дээр могой зурж орхив. Өвгөн түүнийг мэдсэнгүй. Өглөө тэр босоод дээлээ өмсөх гэснээ могойг үзэж нүд нь бүлтрэх шахан айж:

-   Ай хан хурмаст минь! Гэж хашгираад дээлээ чулуудчихав. Тэр могойгоос айдаг юм байжээ. Би тэр могойноос болж хоёр хацраа хорстол ”илүүлэв”.

Салхитай танилцсан түүх
  Эмээ, ээж, бид гурав гадаа сууж байлаа. Гэв гэнэт нэгэн муухай дуун гарав. Эхлээд ууг ууг гэж сонсогдсоноо, тэр даруй өөрчлөгдөж сийг сийг сийг гэх болов. Тэгснээ өөрчлөгдөж  эсий эсий гэж хяхарганан дуугарлаа. Үүн шиг дуутай  амьтныг би хэзээ ч үзээгүй байлаа. Хонь бол май май гэж ямар нэгэн юм өгч байгаа мэт ямагт горьдооно. Ямаа бол бэ бэ бэ гэж асууна. Үхэр болохоор муу муу гэж үргэлж уурлан загнах мэт дуугарна. Нохой болохоор хав хав хав гэнэ. Чухам юу хавуулах гэдгийг би мэддэггүй байлаа. Дээл хавна гэж ээж тушаал өгдгийг гайхдаг байлаа. Зурам бол час час гэнэ. Тарвага бол хого хого гэнэ. Хөхөө бол гүүг гүүг гүү гэнэ. Хар хэрээ гуаг гуаг гэнэ. Амьтан бүгд өөр дуутай байх боловч тэдний дуунд хүнд ойлгогдох юмгүй санагдсан. Заримдаа би амьтдын дуугаар нь нэрлэхгүй яасан юм бол гэж гайхна. Жишээ нь: Илжгийг ийгоо гоо, хэрээг гуаг гуаг гэж нэрлэдэг бол яг л таарах байсан мэт санагдсан. Нэгэн өдөр том хүрэн шувуу шонгийн орой дээр суугаад эсий хөөрөг эсий хөөрөг гэж хашгирч байхыг үзэв. Тэр шувууны нэрийг би мэдэхгүй байлаа. Иймд түүнд эсий хөөрөг гэж нэр өгөв. Миний хамгийн сайн хүн ээж тул түүнд очиж асуусан нь:
- Ээж ээ, эсий хөөрөг гэж дуугардаг шувууг хэн гэдэг юм бэ?
- Юуны чинь эсий хөөрөг
-Тэр шонгийн орой дээрхийг?
- Аа тархи! Тэр чинь элээ байхгүй юу? Хэн чамайг эсий хөөрөг гэж зааж өнөөв?
- Тэр шувуу өөрөө тэгж дуугарах юм байх чинь?
- Аа тархи! Элээ унагалдан янцгаахаараа тиймэрхүү дуугардаг юм шүү.
   Энэ ярианаас хойш би элээ л үзвэд эсий хөөргө гэж хашгирагсан. Намайг тэгж хашгирахад элээ огт үл тооно. Тэгэхэд би хэлээ мэдэхгүй зөнөг гэж их л бачимддагсан.
- Эмээ элээ яагаад хэлээ мэдэггүй юм бэ? гэж би арга барахдаа асуусанд буурал ээж:
- Яаж байна гэв?
- Эсий хөөрөг гэж өөрөө дуугардаг мөхтлөө намайг хэлэхээр хариу өгөхгүй юм.
- Аэ цэс, улай үзэхээрээ л элээ унагалддаг болохоор хүнтэй юу гэж үг солих вэ дээ.
Үүнээс хойш, би амьтан болгон хоол үзэхээрэ л дуугардаг юм байх гэж таамаглах болов. Гэтэл тэр бодлыг буруу, яагаад гэвэл амьтан хоорондоо хэрэлддэг байх гэж миний нэг найз бас сонин юм ярив. Нохойнуудыг ажиглаж байгаад тэр тэгж боджээ. Би энэ бүгдийг эрэгцүүлэн бодож зогстол ахиад л өнөөх ууг ууг үүг гэсэн дуу гарав.
- Ээж ээ, энэ юуны дуу вэ? гэвэл
- Ямар дуу?
-Ууг ууг ууг гэх дуу
- Өө энэ үү? Салхины л дуу.
Үүнээс хойш би салхийг ууг ууг ууг гэх мэт хачин исгэрдэг амьтан гэж бодох болов. Салхийг би дуугий нь сонсохоосоо олж үздэггүй байлаа.
- Эмээ ээж ээ! Салхи яагаад үзэгддэггүй юм бэ? гэж би асуувал
- Тэр чинь биегүй хоосон хий байхгүй юу гэв.
Үүнээс эхлээд биегүй хоосон мөртлөө дуутай юм байдаг гэж итгэв. Гэнэт нэгэн өдөр их тоос бужигнаж, малын адсага, цаас, төмөр хувин цөм агаарт хөөрөн гарав. Манай гэрийн өрх хөвөлзөж, тэнгэр өөд авч явахыг завдав6 Хүмүүс тэвдэн сандарч, гэрээ олс дээсээр дарууллаа. Гэрийн гадуур байсан арьс, даавуу, цаас, модны хог цөмийг салхи авч одов.
- Ээж ээ салхи тэнгэрт байдаг юм уу гэж би асуулаа.
- Яаж байна?
- Хамаг юмсыг дээш нь аваад явчихлаа.
-Тэгвэл тэнгэрт л байдаг биз дээ.
- Яаж тэнгэрт гарах вэ?
- Тэнд гарч юу хийх нь вэ?
- Малгайгаа олж ирье
- Өө, чи малгайгаа салхинд тавиад туучихаа юу?
- Би өгөөгүй. Өөрөө л аваад явчихсан. Салхи гэдэг чинь дүсгүй муухай амьтан байх чинь вэ.
- Нээрээ ч дээ.
Салхийг би үзэн ядах болов. Хамгийн муухай юмны тоонд салхийг оруулав. Яагаад гэвэл байн байн салхи манай гэрийг авч явах гэж айлгадаг байлаа. Тэгж байтал их хэрэг гарав.  Аав ээжийн түүж өвөлд бэтгэсэн зургаан шуудай өвс байв. Түүнийг харж бай гэж аав надад захисан юм. Нэгэн өдөр гайхал салхи ирж зургаан шуудай өвсийг нэг нэгээр өнхрүүлэн тэртээ гүвээгээр давж одлоо. Салхи бид хоёр юутай их муудалцсан гэж санана. Салхийг биеэр нь олж хардаггүй дээ би ихээхэн хорсдог байв. Салхи  их хүчтэй шүү. Түүнийг зогсоох  юм байхгүй гэж аав ярьдаг байлаа. Тэгж салхи бид хоёр дайсан болоод хэдэн жил өнгөрөв. Би сургуульд орлоо. Аймгийн төв дээр ирж сурлаа.
- Ай мөн их салхитай газар шүү!  гэж аймгийн төвийн тухай би сонслоо. Сургууль орсны маргааш өглөө салхи ирлээ. Аймгийн төвийн хамаг элс эрчлэн хуйлран хөх тэнгэрт гарч эргэн тойрон юу ч үзэгдэхгүй боллоо. Манай анги дөрвөн баганатай том бор гэрт байдаг байлаа. хичээл дээр сууж байтал салхи  эхэлсэн юм. Анхандаа өрх бүтээгдлээ. Дараа нь хэд хэдэн унь ойчив. Чойжилын толгой дээр цохижээ. Тэр уйлав. Хүүхдүүд айж тооно өөд ширтэнэ.
- Хүүхдүүд ээ та нар чимээгүй сууцгааж бай. Би гараад гэрээ даруулаад ирье гэж багш хэлээд бостол хана, унь хажигнан шуугьж, анги маань нэг жайвийж, нэг шовойсноо нэвсгэнэсхийх шиг болов. Бид бараг ухаан алджээ. Гэр ойчсон юмсанж. Дээрээс унь, эсгий дарж аваад хөдлөх аргагүй болгож хүүхдүүд шуугилдав. Салхи улам догширч байлаа. Олон багш нар хамсарч биднийг арай хийн салхины заналаас аварчээ. Түүнээс хойш бүтэн долоон жилийн турш манай анги заналаас аварчээ. Түүнээс хойш бүтэн дорлоон жилийн турш манай анги салхинд байн байн ойчсоор байв.
Ингэж би салхитай танилцав. Салхийг занадаг байлаа. Гэтэл салхины тухай багш маань олон сонин юм ярив. Салхины хүчээр том тээрэм эргүүлдэгийг мэдэв. 
Салхи, салхи чи хүчтэй
Сүрэг үүлсийг туунам гэсэн шүлэг хожим нь цээжилж билээ.

бичсэн: Byambaa14 төрөл: Unshih zohiol | (271) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 35194

Сэтгэгдэл:

Nicuuuuu
Бичсэн: Зочин хэзээ: 11:14, 2024-11-03 | Холбоос | |
Salhitai taniltssan ni bhguiuu
Бичсэн: Зочин хэзээ: 20:04, 2024-09-26 | Холбоос | |
ах
Бичсэн: Зочин хэзээ: 19:40, 2024-05-06 | Холбоос | |
buteneer n taivihqumu
Бичсэн: Зочин хэзээ: 13:23, 2023-04-16 | Холбоос | |
Uneheer goy ym bn❤️
Бичсэн: Cool хэзээ: 21:33, 2023-03-14 | Холбоос | |
Halaluya
Бичсэн: Зочин хэзээ: 09:23, 2023-03-04 | Холбоос | |
Buten tavi
Бичсэн: Chi bol yuchgu seter (зочин) хэзээ: 13:20, 2021-11-28 | Холбоос | |
Яасан гоё юм бэ
Бичсэн: Зочин хэзээ: 11:27, 2021-11-23 | Холбоос | |
good,like

Бичсэн: Зочин хэзээ: 16:57, 2021-10-25 | Холбоос | |
nice hirvootoi taniltssan tuuh
nice cool😍😍😍😊😀
Бичсэн: Зочин хэзээ: 21:40, 2021-10-11 | Холбоос | |
Wow
Mongolians Khorvootoi tanilsan tuuh nice😍Сайн байна уу?
Бичсэн: Lily хэзээ: 17:06, 2021-08-26 | Холбоос | |
very nice, lol
Бичсэн: Зочин хэзээ: 14:58, 2021-04-23 | Холбоос | |
butneer n oruulaarai guiy
Бичсэн: Зочин хэзээ: 23:28, 2021-04-22 | Холбоос | |
yanztai
Бичсэн: Зочин хэзээ: 11:43, 2021-01-13 | Холбоос | |
Үнэхээр сайхан байлаа
Бичсэн: Зочин хэзээ: 17:50, 2020-04-12 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)