2011-04-06,19:48

Хорвоотой танилцсан түүх үргэлжлэл 1

Салхитай танилцсан түүх
  Эмээ, ээж, бид гурав гадаа сууж байлаа. Гэв гэнэт нэгэн муухай дуун гарав. Эхлээд ууг ууг гэж сонсогдсоноо, тэр даруй өөрчлөгдөж сийг сийг сийг гэх болов. Тэгснээ өөрчлөгдөж  эсий эсий гэж хяхарганан дуугарлаа. Үүн шиг дуутай  амьтныг би хэзээ ч үзээгүй байлаа. Хонь бол май май гэж ямар нэгэн юм өгч байгаа мэт ямагт горьдооно. Ямаа бол бэ бэ бэ гэж асууна. Үхэр болохоор муу муу гэж үргэлж уурлан загнах мэт дуугарна. Нохой болохоор хав хав хав гэнэ. Чухам юу хавуулах гэдгийг би мэддэггүй байлаа. Дээл хавна гэж ээж тушаал өгдгийг гайхдаг байлаа. Зурам бол час час гэнэ. Тарвага бол хого хого гэнэ. Хөхөө бол гүүг гүүг гүү гэнэ. Хар хэрээ гуаг гуаг гэнэ. Амьтан бүгд өөр дуутай байх боловч тэдний дуунд хүнд ойлгогдох юмгүй санагдсан. Заримдаа би амьтдын дуугаар нь нэрлэхгүй яасан юм бол гэж гайхна. Жишээ нь: Илжгийг ийгоо гоо, хэрээг гуаг гуаг гэж нэрлэдэг бол яг л таарах байсан мэт санагдсан. Нэгэн өдөр том хүрэн шувуу шонгийн орой дээр суугаад эсий хөөрөг эсий хөөрөг гэж хашгирч байхыг үзэв. Тэр шувууны нэрийг би мэдэхгүй байлаа. Иймд түүнд эсий хөөрөг гэж нэр өгөв. Миний хамгийн сайн хүн ээж тул түүнд очиж асуусан нь:
- Ээж ээ, эсий хөөрөг гэж дуугардаг шувууг хэн гэдэг юм бэ?
- Юуны чинь эсий хөөрөг
-Тэр шонгийн орой дээрхийг?
- Аа тархи! Тэр чинь элээ байхгүй юу? Хэн чамайг эсий хөөрөг гэж зааж өнөөв?
- Тэр шувуу өөрөө тэгж дуугарах юм байх чинь?
- Аа тархи! Элээ унагалдан янцгаахаараа тиймэрхүү дуугардаг юм шүү.
   Энэ ярианаас хойш би элээ л үзвэд эсий хөөргө гэж хашгирагсан. Намайг тэгж хашгирахад элээ огт үл тооно. Тэгэхэд би хэлээ мэдэхгүй зөнөг гэж их л бачимддагсан.
- Эмээ элээ яагаад хэлээ мэдэггүй юм бэ? гэж би арга барахдаа асуусанд буурал ээж:
- Яаж байна гэв?
- Эсий хөөрөг гэж өөрөө дуугардаг мөхтлөө намайг хэлэхээр хариу өгөхгүй юм.
- Аэ цэс, улай үзэхээрээ л элээ унагалддаг болохоор хүнтэй юу гэж үг солих вэ дээ.
Үүнээс хойш, би амьтан болгон хоол үзэхээрэ л дуугардаг юм байх гэж таамаглах болов. Гэтэл тэр бодлыг буруу, яагаад гэвэл амьтан хоорондоо хэрэлддэг байх гэж миний нэг найз бас сонин юм ярив. Нохойнуудыг ажиглаж байгаад тэр тэгж боджээ. Би энэ бүгдийг эрэгцүүлэн бодож зогстол ахиад л өнөөх ууг ууг үүг гэсэн дуу гарав.
- Ээж ээ, энэ юуны дуу вэ? гэвэл
- Ямар дуу?
-Ууг ууг ууг гэх дуу
- Өө энэ үү? Салхины л дуу.
Үүнээс хойш би салхийг ууг ууг ууг гэх мэт хачин исгэрдэг амьтан гэж бодох болов. Салхийг би дуугий нь сонсохоосоо олж үздэггүй байлаа.
- Эмээ ээж ээ! Салхи яагаад үзэгддэггүй юм бэ? гэж би асуувал
- Тэр чинь биегүй хоосон хий байхгүй юу гэв.
Үүнээс эхлээд биегүй хоосон мөртлөө дуутай юм байдаг гэж итгэв. Гэнэт нэгэн өдөр их тоос бужигнаж, малын адсага, цаас, төмөр хувин цөм агаарт хөөрөн гарав. Манай гэрийн өрх хөвөлзөж, тэнгэр өөд авч явахыг завдав6 Хүмүүс тэвдэн сандарч, гэрээ олс дээсээр дарууллаа. Гэрийн гадуур байсан арьс, даавуу, цаас, модны хог цөмийг салхи авч одов.
- Ээж ээ салхи тэнгэрт байдаг юм уу гэж би асуулаа.
- Яаж байна?
- Хамаг юмсыг дээш нь аваад явчихлаа.
-Тэгвэл тэнгэрт л байдаг биз дээ.
- Яаж тэнгэрт гарах вэ?
- Тэнд гарч юу хийх нь вэ?
- Малгайгаа олж ирье
- Өө, чи малгайгаа салхинд тавиад туучихаа юу?
- Би өгөөгүй. Өөрөө л аваад явчихсан. Салхи гэдэг чинь дүсгүй муухай амьтан байх чинь вэ.
- Нээрээ ч дээ.
Салхийг би үзэн ядах болов. Хамгийн муухай юмны тоонд салхийг оруулав. Яагаад гэвэл байн байн салхи манай гэрийг авч явах гэж айлгадаг байлаа. Тэгж байтал их хэрэг гарав.  Аав ээжийн түүж өвөлд бэтгэсэн зургаан шуудай өвс байв. Түүнийг харж бай гэж аав надад захисан юм. Нэгэн өдөр гайхал салхи ирж зургаан шуудай өвсийг нэг нэгээр өнхрүүлэн тэртээ гүвээгээр давж одлоо. Салхи бид хоёр юутай их муудалцсан гэж санана. Салхийг биеэр нь олж хардаггүй дээ би ихээхэн хорсдог байв. Салхи  их хүчтэй шүү. Түүнийг зогсоох  юм байхгүй гэж аав ярьдаг байлаа. Тэгж салхи бид хоёр дайсан болоод хэдэн жил өнгөрөв. Би сургуульд орлоо. Аймгийн төв дээр ирж сурлаа.
- Ай мөн их салхитай газар шүү!  гэж аймгийн төвийн тухай би сонслоо. Сургууль орсны маргааш өглөө салхи ирлээ. Аймгийн төвийн хамаг элс эрчлэн хуйлран хөх тэнгэрт гарч эргэн тойрон юу ч үзэгдэхгүй боллоо. Манай анги дөрвөн баганатай том бор гэрт байдаг байлаа. хичээл дээр сууж байтал салхи  эхэлсэн юм. Анхандаа өрх бүтээгдлээ. Дараа нь хэд хэдэн унь ойчив. Чойжилын толгой дээр цохижээ. Тэр уйлав. Хүүхдүүд айж тооно өөд ширтэнэ.
- Хүүхдүүд ээ та нар чимээгүй сууцгааж бай. Би гараад гэрээ даруулаад ирье гэж багш хэлээд бостол хана, унь хажигнан шуугьж, анги маань нэг жайвийж, нэг шовойсноо нэвсгэнэсхийх шиг болов. Бид бараг ухаан алджээ. Гэр ойчсон юмсанж. Дээрээс унь, эсгий дарж аваад хөдлөх аргагүй болгож хүүхдүүд шуугилдав. Салхи улам догширч байлаа. Олон багш нар хамсарч биднийг арай хийн салхины заналаас аварчээ. Түүнээс хойш бүтэн долоон жилийн турш манай анги заналаас аварчээ. Түүнээс хойш бүтэн дорлоон жилийн турш манай анги салхинд байн байн ойчсоор байв.
Ингэж би салхитай танилцав. Салхийг занадаг байлаа. Гэтэл салхины тухай багш маань олон сонин юм ярив. Салхины хүчээр том тээрэм эргүүлдэгийг мэдэв. 
Салхи, салхи чи хүчтэй
Сүрэг үүлсийг туунам гэсэн шүлэг хожим нь цээжилж билээ.

бичсэн: Byambaa14 төрөл: |
Сэтгэгдэл бичих